Киночдын мөрөөдөл болсон 65 мм хэмжээг “Sony” 80 мянган доллароор үнэллээ

Хэвлэлүүдийн 2026 оны 10-р сарын 29-нд мэдээлснээр “Sony” компани “VENICE 2” кино камертаа зориулсан 65 мм хэмжээст “RIALTO 65” өргөтгөлийн толгойг албан ёсоор танилцууллаа. Энэ нь бие даасан камер биш бөгөөд ажиллуулахын тулд ойролцоогоор 60 мянган долларын их бие нэмж шаардана.

Sony RIALTO 65 өргөтгөлийн толгойг VENICE 2 камерын биед залгасан Studio Mode тохиргоо.
Зураг: Sony

Холливудын томоохон бүтээлүүдэд зориулсан 65 мм-ийн форматаар зураг авах нь үргэлж нүсэр, хүнд техник шаарддаг байсан цаг ард хоцрох нь ээ. 2026 оны 10-р сарын 29-нд нийтлэгдсэн мэдээллээр “Sony” компани алдарт “VENICE 2” кино камертаа зориулсан 65 мм форматад шилжүүлэх “RIALTO 65” (CBK-6510XS) нэртэй шинэ өргөтгөлийн системийг танилцууллаа. Анх зургаадугаар сард болсон “Cine Gear” үзэсгэлэнд танилцуулж байсан энэхүү төхөөрөмж нь 2027 оны эхний хагаст зах зээлд албан ёсоор гарахаар төлөвлөгджээ.

Гэхдээ энэ нь бие даасан камер биш гэдгийг анхаарах хэрэгтэй. “RIALTO 65” нь ердөө sensor бүхий салангид толгой бөгөөд зураг авахын тулд ойролцоогоор 60,000 ам.долларын үнэтэй “VENICE 2” камерын их биед заавал холбох учиртай. Өөрөө 80,000 ам.долларын үнэтэй энэхүү толгойг их биетэй нь нийлүүлбэл нийт систем ойролцоогоор 140,000 ам.долларт хүрч байгаа нь энгийн хэрэглэгчдэд бус зөвхөн том студиудад зориулагдсаныг илтгэнэ.

Уг толгойн дотор 53.75 × 35.83 мм хэмжээтэй, 64.60 мм диагональ бүхий аварга том sensor байрлажээ. Энэ нь стандарт full frame-ээс даруй 2.2 дахин том талбай юм. Уг sensor нь 9.6K 1.5:1 (3:2) харьцаатай open gate (sensor-ийн бүх талбайгаар дүрс бичих горим) болон олон төрлийн дуран тааруулах 9.6K 2.20:1 хэмжээгээр дүрсээ буулгана. Дараа нь гарах firmware-ээр 9.6K 17:9, 6.4K 3:2 (full frame) болон 4.3K 17:9 (Super 35) горимууд нэмэгдэх ажээ.

Толгойн жин ердөө 1.5 кг, хэмжээ нь 115 × 154 × 63 мм тул оператор гар дээрээ барих, давчуу орон зайд ажиллахад маш авсаархан. Их биетэйгээ шууд залгагдах “Studio Mode” горимоос гадна кабелиар салгаж ажиллах “Extension Mode” горимтой. Дагалдах 4.5 метр кабель нь үнэдээ багтсан бол 12 метрийн урт кабелийг тусад нь 9,000 ам.доллароор авах шаардлагатай. Камерын дотоод 16-бит X-OCN бичлэг нь “VENICE 2” их биеэр дамжин хадгалагдана. Үйлдвэрлэгчийн мэдээлснээр ISO 2500 болон 10000 гэсэн хос суурь ISO-той бөгөөд ISO 2500 дээр 15+ stops өргөн latitude (гэрэл, сүүдрийн ялгаралтыг багтаах өргөн)-тэй гэнэ.

Багцад ямар нэгэн mount (дурангийн суурь) дагалдахгүй бөгөөд гуравдагч талын адаптер ашиглана. Уг системд Clear-ээс 3.0 хүртэлх 11 төрлийн суурилуулах ND filter (гэрлийн хэмжээг бууруулах шүүлтүүр) дагалдах бөгөөд хэрэв нэмэлтээр ижил багц авахаар бол “CBK-NDK6510” тусгай багц нь 8,000 ам.долларын үнэтэй байна.

“Sony RIALTO 65” өргөтгөлийн гол үзүүлэлтүүд

Үзүүлэлт Дэлгэрэнгүй мэдээлэл
Загварын код CBK-6510XS
Төрөл VENICE 2-т зориулсан 65 мм өргөтгөлийн толгой (бие даасан камер биш)
Үнэ $80,000 (их биегүйгээр)
Худалдаанд гарах 2027 оны эхний хагас (урьдчилсан)
Sensor-ийн хэмжээ 53.75 × 35.83 мм (диагональ 64.60 мм, full frame-ээс 2.2 дахин том)
Дүрс буулгах горим 9.6K open gate (1.5:1), 9.6K 2.20:1 (Цаашид 6.4K full frame, 4.3K S35 нэмэгдэнэ)
Толгойн жин, хэмжээ 1.5 кг жинтэй, 115 × 154 × 63 мм
Ажиллах горим Extension Mode (4.5 м ба 12 м кабель) болон Studio Mode
Шаардагдах үндсэн төхөөрөмж Sony VENICE 2 их бие (ойролцоогоор $60,000)
Дагалдах болон нэмэлт хэрэгсэл 4.5 м кабель ба 11 төрлийн ND filter дагалдана (Нэмэлт 12 м кабель $9,000, нэмэлт ND filter багц $8,000)