“Sony”-⁠ийн нууц кодын цаана домогт “a7S IV” нуугдаж байгаа юу

Калифорнид бүртгэгдсэн шинэ төхөөрөмжийн код гэрэл зурагчдын дунд дахин их хүлээлт асаалаа. Өндөр зэрэглэлийн шинэ батарей ашигласан нь түүнийг 6 жил хүлээлгэсэн “a7S IV” байж магадгүй гэх таамгийг дэвэргэж байна.

Tripod дээр байрлуулсан Sony α7S III камерын арын хэсэг; WW491229 буюу α7S IV-ийн зураг биш, тайлбар зураг.
Зураг: Sony — одоо байгаа α7S III загварын тайлбар зураг.

Камер сонирхогчид шинэ бүтээгдэхүүний тухай баттай мэдээлэл олохын тулд албан ёсны зарлалыг хүлээхээс илүүтэй төрийн байгууллагуудын бүртгэлийн хуудсыг нэгжих дуртай болжээ. Саяхан “Sony” компани Калифорнийн эрчим хүчний комисст “WW491229” кодтой нэгэн шинэ камерын regulatory filing (худалдаанд гаргахын өмнөх төрийн байгууллагын албан ёсны бүртгэл)-ийг хийсэн нь илэрч, технологийн сайтуудын халуун сэдэв болов.

Энэхүү бүртгэлээс анхаарал татсан гол сэжүүр нь ашиглах батарей юм. Уг камерт “Sony FX5” кино камер болон шинэ “a7R VI” загварт ашиглагддаг өндөр хүчин чадалтай “NP-SA100” батарейг зориулсан байв.

Үүнээс гадна “Sony Japan” төв компани өөрөө Хятадын холбооны хороонд “WW261362” кодтой өөр нэг камерыг бүртгүүлсэн бөгөөд түүнд өгөгдөл дамжуулах өндөр хурдны Wi-Fi 6 (утасгүй сүлжээний сүүлийн үеийн стандарт) суурилуулахаар тусгажээ. Ихэвчлэн анхан шатны энгийн загваруудыг Хятад эсвэл Тайланд дахь үйлдвэрүүд өөрсдөө бүртгүүлдэг бол Японы төвөөс шууд бүртгүүлж байгаа нь тухайн камер өндөр зэрэглэлийнх байх магадлалтайг илтгэнэ.

Эдгээр баримтууд дээр үндэслэн “Sony Alpha Rumors” болон фенүүд нь 2020 оны долдугаар сард гарсан “Sony a7S III”-аас хойш 6 жил гаруй хугацаанд залгамжлагч нь гараагүй цувралын шинэ загвар буюу “Sony a7S IV” эцэст нь гарч ирэх нь хэмээн шуугиж эхэллээ. Гэвч хөөрцөглөхөөсөө өмнө нэгэн чухал зүйлийг санах хэрэгтэй. Засгийн газрын бүртгэлд бүтээгдэхүүний зах зээлийн нэр хэзээ ч бичигддэггүй тул энэ төхөөрөмжийг “a7S IV” гэж нэрлэх нь цэвэр тус сайтын өөрийнх нь таамаглал юм.

Энэ нь киноны чиглэлийн цэвэр кино камер байх уу, эсвэл гэрэл зураг, видео хосолсон hybrid (олон талт ажиллагаатай) загвар байх уу гэдэг нь одоогоор таамаг хэвээр байна. Камерын sensor-ийн нягтаршил, нарийн үзүүлэлт, үнэ болон албан ёсоор худалдаанд гарах огноо аль нь ч одоогоор батлагдаагүй байгаа тул “Sony”-ийн дараагийн алхмыг тэвчээртэй ажиглах л үлдэж байна.

Албан ёсны бүртгэл ба цуу ярианы харьцуулалт

Мэдээлэл Баримтаар нотлогдсон Цуу яриа / Батлагдаагүй таамаг
Загварын код WW491229 (Калифорни), WW261362 (Хятад) Зах зээлийн албан нэр “Sony a7S IV”
Батарей Шинэ үеийн өндөр хүчин чадалтай NP-SA100 Батарейн ажиллах нийт хугацаа
Холболт Wi-Fi 6 утасгүй сүлжээ (Хятадын бүртгэлд) Видео бичлэгийн дээд хурд, формат
Түвшин Sony Japan өөрөө бүртгүүлсэн (Хятадын бүртгэл) Дээд зэрэглэлийн камер байх магадлалтай (тус сайтын дүгнэлт)
Зарлах огноо Батлагдаагүй (зөвхөн бүртгэл хийгдсэн) Тодорхойгүй (тус сайт энэ ондоо гарахгүй байж магадгүй гэж болгоомжилж буй)
Үнэ Одоогоор огт зарлагдаагүй Тодорхойгүй