Код бичиж чаддаггүй залуус AI-аар камер хакердаж, харин “Hasselblad” хуульчдаараа хариу барив
Хиймэл оюуны тусламжтайгаар сонирхогчид камеруудын нуугдмал боломжуудыг нээж эхэлмэгц “Hasselblad” хуулийн хатуу сануулга өглөө. 8,000 долларын үнэтэй тансаг төхөөрөмжөө ажиллагаагүй болгох эрсдэл энд бас бий.

Сүүлийн үед хиймэл оюуны тусламжтайгаар програмчлалын нарийн мэдлэггүй хүмүүс хүртэл код угсарч, дурын бүтээгдэхүүнийг өөрчилж чаддаг “vibe coding” (нарийн код бичилгүй хиймэл оюунд чиглүүлэг өгч программ бүтээх) гэх давалгаа хүчээ авлаа. Энэхүү давалгаа гэрэл зургийн ертөнцийг ч тойрсонгүй: сонирхогчид хиймэл оюунаар камерын дотоод программыг задалж, үйлдвэрлэгчдийн нуусан боломжуудыг нэг нэгээр нь илрүүлж эхлэв.
CineD болон технологийн сайтуудын мэдээлснээр хөгжүүлэгчид хэд хэдэн брэндийн камерыг ийнхүү “нээж” эхэлжээ. Тухайлбал, “Nikon Z8”-д зориулсан patch (программын тодорхой хэсгийг өөрчлөх нөхөөс код) нь sensor-ийнхоо бүх талбайгаар 8.3K өндөр нягтаршилтай RAW бичлэг хийх боломж нээв. Харин “Nikon Z30” камерт 4K видео бичлэгийн хурд, чанарыг эрс нэмэгдүүлсэн байна. Мөн “Sony a7 IV” камерт шинэ программ суулгалгүйгээр үйлчилгээний горимд ганц тохиргоо өөрчлөөд л киноны shutter angle (кадрын хурд солигдсон ч хөдөлгөөний бүдгэрлийг тогтмол хадгалдаг хаалтын тохиргоо) горимыг нээж болж байна. Харин “Sigma fp” камерт SD картнаас унших нэмэлт хийгээд л sensor-ийнхоо бүх талбайгаар өндөр чанартай түүхий (RAW) бичлэг хийх боломжтой болжээ.
Гэвч хиймэл оюунд хэт итгэх нь хэр аюултайг “fpSup” төслийн хөгжүүлэгч өөрөө: “Энэ бүхнийг үнэн гэж биш, зөвхөн лавлагаа гэж хараарай. Миний хиймэл оюун маш олон алдаа гаргасан” хэмээн илэн далангүй сануулсан нь бий. Камерт засварласан firmware суулгах нь алдаа гарвал 8,000 ам.долларын үнэтэй “Hasselblad” зэрэг тансаг төхөөрөмжөө бүрмөсөн ажиллагаагүй болгох, үйлдвэрийн баталгааг хүчингүй болгох бодит эрсдэлтэй юм.
Мэдээж үйлдвэрлэгчид үүнийг хараад зүгээр суусангүй. Хамгийн эхний хатуу хариу үйлдэл тансаг зэрэглэлийн medium format (ердийн full frame-ээс том sensor-той) камер үйлдвэрлэгч “Hasselblad”-аас ирэв. Хөгжүүлэгчид “Hasselblad X2D” камер дээр алдарт “Doom” видео тоглоом ажиллуулж, “X2D II” дээр видео бичлэг хийх горим болон ChatGPT суулгах зэрэг туршилт хийж эхэлмэгц тус компанийн хуульчид хандсан байна. HRAP төслийн хөгжүүлэгч Reddit дээр: “Hasselblad төслийг дуугүй болгохын тулд хуулийн захидал илгээлээ. Өнөөдрөөс эхлэн файлууд нээлттэй байхаа болино” хэмээн зарлаад төслийнхөө GitHub болон Reddit хуудсыг бүрэн устгасан байна.
Хиймэл оюун энгийн сонирхогчдод камер үйлдвэрлэгчдийн маркетингийн бодлогоор хаасан боломжуудыг нээх хүчийг өгч байгаа ч хууль эрх зүйн болон техникийн хатуу хил хязгаарыг давж чадахгүй нь ийнхүү тодорхой болж байна.
Хөгжүүлэгчдийн нээсэн гол боломжууд
| Камер | Төсөл | Аргачлал | Нэмэгдсэн боломж | Эрсдэлийн түвшин |
|---|---|---|---|---|
| Nikon Z8 (C 3.11) | NikonFirmwarePatch | Засварласан firmware patch | 8.3K open-gate N-RAW, S-Log3 | Өндөр (firmware өөрчилнө) |
| Nikon Z30 (C 1.20) | Wonder Lantern | Засварласан firmware patch | 200 Мбит/с 4K, 25 мин slow-motion | Өндөр (firmware өөрчилнө) |
| Sony a7 IV | Цэсний тохиргоо | Үйлчилгээний горимын тохиргоо | Shutter angle горим | Бага (firmware хөндөхгүй) |
| Sigma fp | fpSup | SD картнаас унших | 3840 x 2560 Open-gate CinemaDNG | Бага (SD картнаас ажиллана) |
| Hasselblad X2D II | HRAP | Засварласан firmware | Видео бичлэг (хуулийн шаардлагаар хаагдсан) | Төсөл цуцлагдсан |


