Будгаа сольсон нь 10,000 долларын үнэ цэн хүрэх үед: “Leica” ховор “Hammertone” цувралаа танилцууллаа

Санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн цуглуулагчдад зориулсан шинэ “Leica” камерууд худалдаанд гарлаа. Доторх эд анги нь өөрчлөгдөөгүй ч өвөрмөц саарал будаг нь 10,000 ам.долларын үнэ цэнийг бүрэн зөвтгөж байна.

Мөнгөлөг Summilux-M 50 линзтэй Leica M11-P Hammertone камерын урд харагдац.
Зураг: Leica

Санхүүгийн эрх чөлөөнд хэдийнэ хүрсэн чинээлэг эрхмүүдийн брэнд гэгддэг “Leica” өнгөрсөн түүхээ сөхөж, цуглуулагчдын хорхойг хөдөлгөх ээлжит “урхи”-аа тавилаа. 2026 оны арваннэгдүгээр сарын 12-нд тус компани домогт M цувралын rangefinder (фокусаа гараар нарийвчлан тохируулдаг оптикийн системтэй) камерууддаа зориулан саарал өнгийн “Hammertone” (алхаар цохисон мэт барзгар хээтэй) будгаар бүрсэн “M11-P Hammertone” болон хальсны “M-A Hammertone” хос тусгай загвараа дэлхий даяар худалдаанд гаргав.

Үнийн хувьд дижитал “M11-P Hammertone” загвар 9,950 евро (АНУ-д 10,950 ам.доллар, Их Британид 8,500 фунт стерлинг), харин бүрэн механик “M-A Hammertone” нь 6,650 евро (АНУ-д 8,000 ам.доллар, Их Британид 5,700 фунт стерлинг)-ийн үнэтэй. Мэдээж “Leica”-гийн шүтэн бишрэгчид үнийн шошго хараад цочирдох биш, харин ч түрийвчээ нээхэд бэлэн зогсож байдаг хойно гайхах зүйлгүй биз ээ.

Гэхдээ энэ бүх шуугианы цаана камерын дотоод эд анги огт өөрчлөгдөөгүй. Дижитал “M11-P Hammertone” нь стандарт загварынхаа 60 мегапикселийн full frame sensor, 256 ГБ санах ойтой хэвээр үлджээ. Харин хальсны “M-A Hammertone” нь диафрагм болон shutter speed-ээ (хөдөлгөөн царцаах хаалтын хурд) гараар тохируулдаг, ямар ч электрон эд ангигүй уламжлалт механик камер хэвээрээ байна.

Өөрөөр хэлбэл, энэ удаагийн шинэчлэл нь цэвэр гоо зүйн, гадна өнгө үзэмжийн өөрчлөлт юм. Цул гуулин дээд доод хавтан дээрх саарал Hammertone будаг нь 1930-аад оны үйлдвэрлэлийн загварын бат бөх чанарыг илтгэдэг бөгөөд Вецлар дахь үйлдвэрт будаг хатах явцад гадаргуу дээр нь өвөрмөц бүтэц тогтдог тул хоёр ижил камер гэж байдаггүй аж. Мөн “M11-P”-ийн дээд доод хавтангийн ирмэгийг зөөлрүүлэн дугуйлж, урд боолтыг мөнгөлөг хромоор өнгөлсөн нь нүд хужирлана.

Өмнө нь 1,600 ширхэг үйлдвэрлэгдэнэ гэх цуу яриа тархаж байсан ч “Leica” албан ёсны хэвлэлийн мэдээндээ нийт тоо хэмжээг огт дурдсангүй. АНУ-ын “Red Dot Forum” дилерийн мэдээлснээр камерууд дээр тусгай цувралын дугаарлалт тавигдаагүй ч нийлүүлэлт нь тун хязгаарлагдмал байх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, хэдий чинээ цөөн, хэдий чинээ өндөр үнэтэй байна, төдий чинээ цуглуулагчдын дунд үнэ цэн нь өсдөг “Leica”-гийн бичигдээгүй хууль энд дахин үйлчилж байна.

Гол үзүүлэлт ба үнийн мэдээлэл

Үзүүлэлт M11-P Hammertone M-A Hammertone
Төрөл Дижитал rangefinder камер Бүрэн механик 35 мм хальсны rangefinder
Sensor / медиа 60.3 MP full frame BSI CMOS (60 / 36 / 18 MP) 35 мм хальс
Дотоод санах ой 256 ГБ болон SD картны үүр Байхгүй
Гадна хийц Цул гуулин дээд доод хавтан, саарал Hammertone будаг, дугуйлсан ирмэг Цул гуулин дээд доод хавтан, саарал Hammertone будаг
Үнэ (EUR) €9,950 (НӨАТ орсон) €6,650 (НӨАТ орсон)
Үнэ (USD) $10,950 $8,000
Үнэ (GBP) £8,500 £5,700
Худалдаанд гарсан огноо 2026 оны 11-р сарын 12 2026 оны 11-р сарын 12